Oneline App-ын ерөнхий үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий нөхцөл

  1. “Уанлайн технологи” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “Oneline” нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.

  2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд борлуулагчаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.

  3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

    1. “Цахим худалдааны систем” гэж борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн ухаалаг утсанд зориулсан Oneline аппликейшнийг (цаашид “Oneline” гэх);
    2. “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Oneline”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
    3. “Борлуулагч” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
    4. “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
  4. Хэрэглэгч нь “Oneline”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд “Би хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр Хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.

  5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд “Oneline”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.

  6. “Oneline” нь борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.

  7. “Oneline”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.

  8. Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Oneline”-аас Хэрэглэгчид мэдэгдэнэ.

  9. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.

  10. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Уанлайн технологи” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.

  11. Та зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах насанд хүрээгүй нөхцөлд “Oneline”-ийн зүгээс танд санал болгох, худалдах боломжгүй. Жишээлбэл: 18 насанд хүрээгүй бол бэлгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 21 насанд хүрээгүй бол архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт.

2. Хэрэглэгч болон бүртгүүлэх

  1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Oneline”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн албан ёсны сошиал хаягаар шууд бүртгүүлж, “Oneline”-д нэвтрэх боломжтой.
  2. “Oneline”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
  3. Хэрэглэгч “Oneline”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд Oneline хуудсанд -д хандан мессэж илгээх боломжтой.
  4. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. “Oneline”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Уанлайн технологи” ХХК хариуцна.

3. Захиалга хийх, баталгаажих, хүргэлт хийх, цуцлах хугацаа

  1. Захиалга хийх хугацаа:
    • Хэрэглэгч “Oneline” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга үүснэ. Үүссэн захиалгыг Борлуулагч тал баталгаажуулна. Захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Борлуулагч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
    • Захиалгын төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга үүсэхгүй болохыг анхаарна уу.
    • Хэрэглэгч төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга хийгдээгүй тохиолдолд “Уанлайн технологи” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • “Oneline” нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөрийг зааврын дагуу хийгдсэн үеэс эхлэн захиалга албан ёсоор үүссэн гэж үзнэ.
    • Захиалга үүсэх, баталгаажих, хүргэлтэд гарах, хэрэглэгч бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд аппликейшнд захиалгын статус өөрчлөгдөх болно.
    • Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал борлуулагчийн хүргэлт хийх хугацаа зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш Борлуулагч талын Хүргэлтийн нөхцөлийн дагуу хүргэнэ.
  4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.

4. Онцгой бараа

Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

5. НӨАТ-ын цахим баримт илгээх тухай

  1. Oneline нь борлуулагч болон хэрэглэгчийг хооронд зөвхөн зуучлах үүрэгтэй учир НӨАТ-ын баримтыг борлуулагч тал хариуцна.
  2. НӨАТ төлөгч биш байгууллагын бараа бүтээгдэхүүний захиалгын и-баримт нь зөвхөн сугалааны эрхтэй илгээгдэнэ.
  3. Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.

6. Төлбөр төлөх, захиалга цуцлах хугацаа

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа Oneline дээр захиалгын төлөв өөрчлөгдөнө. Мөн “Oneline” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэрийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний захиалгууд” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. “Oneline” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь хүлээн авснаар захиалга автоматаар үүснэ.
  4. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг дараах нөхцөлөөс бусад тохиолдолд буцаах, цуцлах боломжгүй. Үүнд:
    1. Хэрэглэгч цахим тасалбар болон купон худалдан авсан тохиолдолд буцаах боломжгүй. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд Борлуулагч нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
    2. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Oneline” болон Борлуулагч тал хүлээн авах, барааг буцаах боломжгүй.

7. “Oneline”-н оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах

  1. Цахим барааны тэмдэгтүүд нь “Уанлайн технологи” ХХК-ий өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний барааны тэмдгүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  2. “Уанлайн технологи” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8. Захиалгын хүргэлт хийгдэх байршил, хүргэлтийн төлбөр

“Oneline” нь хүргэлтийг бие дааж хийхгүй бөгөөд хүргэлттэй холбоотой бүх асуудлыг Борлуулагч бүрэн хариуцах тул хүргэлтийн хугацаа төлбөр зэрэг нь борлуулагч бүр дээр өөр өөр нөхцөлтэй байхыг анхаарна уу.

9. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

  1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
  2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
  3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:
    1. Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;
    2. Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/
    3. Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;
    4. Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;
    5. Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
  4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биеийнхээ өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

10. Бусад

  1. Уанлайн технологи ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Oneline.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.
Oneline logo

© 2023 Oneline Technology LLC. All rights reserved.